2008-11-22

ИХ ГОВИЙН ДОГШИН НОЁН ХУТАГТ ДУЛДУЙТЫН ДАНЗАНРАВЖААГИЙН СУРГААЛЬ ОРШВОЙ







Гадаад биеийн явдал гэвэл:

Ёстоныг хүндэл

Настаныг баярлуул

Ачтанаа өргө

Бачтанаасаа зайл

Сайнаас бүү сал

Садныг бүү эр

Олон бүү арилж

Огт бүү харамла

Олон дараагаар хэрэггүй явдлыг бүү арвитга

Онц зөрүүлхэж дээдсээс бүү сал

Муу нөхөртэй бүү нөхц

Зүйл бүрийн хувцас бүү өмс

Зүг тал үгүй бүү гайхуул


Хэлний өгүүлэх хэмээвэл:

Хэрцгийлж хэрүүл бүү үүсгэ

Хэгжүүрхэж омог бүү үүсгэ

Хэлбийж олон янз бүү урва

Саваагүй тохуун үг бүү хэлц

Санамсаргүй үг бүү хэл

Эвлэж муу санаатантай бүү зөвш

Эвдэрч олон зан бүү гарга

Хордож бусдын гэмийг бүү малт

Ховсорч хэрэггүй үг бүү зөө

Хуурч элдэв башир бүү хэл

Хоцорч нөхөр үгүй бүү суу хэмээв.


Сэтгэлийн чиг гэвэл:

Шинжлэлгүй бүү сэтгэ

Сэрэмжгүй бүү залхайр

Гэнэт нөхрийг бүү итгэ

Гэнэдэж хүнээс бүү урьт

Буруу юмыг бүү өмөөр

Бусдын юманд бүү шуна

Бузгай дээрэнгүй бүү загна

Бузар хилэнцийг бүү үүсгэ

Чөлөөгүй гэж бүү алгас

Чадал үгүй байж бусдыг бүү дуурай

Магад дээдсийг олж нөхөрлө

Муу явдалтнаас насад дутаа

Санасан бүрийг бүү итгэ

Салах учрахад бүү гомд

Буянтай санаанаас бүү холд

Бодь сэтгэлийг бүү март


Нийтийг товчилбол:

Самуун хүнтэй бүү учир

Санасан бүрийг бүү ярь

Тэр энэ гэж бүү эрэлх

Тэгэх ингэх гэж бүү зарла

Сонжилбол бүү уурла

Сонирхож бүү урва

Өгвөл эд мөн

Сахивал санваар мөн

Хүлцвэл хуяг мөн

Хичээвэл мөр мөн

Эс мартвал бясалгал мөн

Мэдвэл билэг мөн

Мунхаг хүнтэй оролдвол

Үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна

Хүсэлтэй хүнийг чанга хоригловол

Гансрах тул аргаар номхотго

Ууртай хүнийг ширүүн хэлбэл

Аюул болох тул улмаар ухуул

Омогтой хүнийг дарлавал

Хорсох тул нэр цолоор баясга

Дээрэнгүй хүнийг хөгжөөвөл

Хэрэг гарах тул их битгий хэрэгс

Атаач хүнд нүүр эс өгвөл

Гомдох тул сайхан загна

Харамч хүн нэг ширхэг утсыг ч болов

Харамлах тул арилжаа бүү хий

Зусарч хүнтэй нөхөрлөвөл

Зоргоор болох тул дорд суудлыг барь

Ховч хүнтэй хэлэлцвэл

Бусдын гэмийг сонсох тул үгийг битгий итгэ

Их хүнийг эс нүүрдвэл

Өмөг үгүй болох тул ёсын төдий сайхан хүндэл

Боол хүнийг эс баярлуулбал

Явдал хождох тул бага сага юм өг

Өр бүү хий

Өглөг бүү тасал

Хулгай бүү хий

Ховсоргон бүү загна

Олноос зөнш

Онц өөрийн санааг сүүлд гарга

Хэлбэл бүү буц

Санавал бүү март

Хүнийг нүүрчилж

Хэргийг буруу бүү болго

Хүнд чиг үгүй загнаж

Сайхан зан үгүй бүү суу

Эд хэмээвэл ертөнцийн ёсны сургаал болой”

0 comments:

Post a Comment

About Me

My Photo
CHULUUDAI
Үг хэл чинь ариун бол Үзэл бодол чинь ариун Үзэл бодол чинь ариун бол Үндэс угсаа чинь ариун c_chuluudai@yahoo.com
View my complete profile

Яг одоо


Холбоос


Эх орончдын дуудлага:

  • Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү сандартугай

ТӨРИЙН ДАЛБАА

Би Монгол хүн:


Хүссэнээ бичээрэй

Дуулцгаая

Нэгдэцгээе:

Хаанаас ч хамтдаа