СЭТГЭЛГЭЭНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ
Энэ нь улс үндэстний ухамсрын төвшинд: бусад ямар ч улс орон, ялангуяа 2 хөрш улсаасаа бид илүү биш юмаа гэхэд огтхон ч дутуугүй яг адилхан эрх ашиг, нэр төр, чадавхи, соёл түүхтэй улс гэдгээ ойлгох, хэрэгжүүлэх эрх чөлөө. Асгатын мөнгөний ордоо зүгээр л бэлэглэхгүй бол эсвэл Таван толгойнхоо 51%-г өөрсдөө эзэмшчихвэл орос ах нар гомдоно ч гэдэг юм уу, Орос Хятадууд албан ба албан бусаар шахаж нэхээгүй байхад зүгээр л өөрсдөө айдаг сэтгэлгээ бол 300 жилийн клончлолоос үлдсэн бидний атавистик айдас, сэтгэлгээний эрх чөлөөгүй, өөрийгөө хүнээс дор гэж үздэг боол сэтгэлгээний өв юм. Монголын эзэнт гүрний ойгоо ч зөв нэрлэж чадахгүй айдаг, дэлхий даяар тарсан хэдэн монголчуудтай ч уулзаж, үг солихоос ч эмээж нармай монгол үзэл гэх вий гэж хэн ч хэлээгүй байхад болгоомжилдог хэт аймхай угтан бууж өгөмтгэй араншин бол сэтгэлгээний эрх чөлөөгүйнх, өөрийгөө бусдаас дор үздэг үзлийн үлдэгдэл юм
Ямар ч үндэстэн өөрийн мандан бадралын үед өөртөө итгэлтэй, хүчирхэг идэвхтэй чанартай байдаг бол харин доройтон буурах үедээ итгэлгүй ядуу, идэвхгүй зан чанарыг үзүүлдэг. Бид Монголын түүхэнд тохиосон 2 дахь их доройтол 17-19 зууны харанхуй үеээс гарч дараагийн мандан бадралын дөнгөж эхний шат, эхний 100 жилдээ яваагийн нэгэн шинж тэмдэг юм. Эндээс бид аль үе рүү орох вэ гэдгээ шийдэх түүхэн чухал мөч.
Энэ түүхэн чухал үеийн тухай ярихын тулд бид Монгол, Хятад 2 үндэстний мандал бадрал, доройтон уруудах 2 үечлэл үргэлж зөрж нэг нэгнийхээ хувь заяанд асар хүчтэй нөлөө үзүүлж явсан боловч бидний энэ үед 1911 оноос хойш яг зэрэгцэн өгсөж байгаа тул бид үндэстнийхээ хувьд ч хувь хүнийхээ хувьд ч илүү их эр зориг, ухаан% чадавхийг дайчлан амьдрахгүй бол биднийг ямар ирээдүй угтаж болохыг төсөөлөхөд ч аймшигтай.
Хувь хүнийхээ хувьд ч монгол хүн бусад хэн бугайгаас ч илүү юу гэхээс огтхон дор орохгүй адилхан оюун ухаан, бие бялдар, сэтгэлийн эр зоригтой гэж итгэж хэрэгжүүлж чадах нь сэтгээний эрх чөлөөгөө олж авч байгаа нь тэр юм. Хятад хүнээс залхуу, орос хүнээс хүч сул, япон хүнээс ухаан дутуу гэж бодож дадах нь биднийг хордуулах гэж колоничлож байсан улсуудын хэрэглэсэн сэтгэл зүйн зэвсэг одоо хүртэл биднийг шархдуулж зэрэмдэглүүлсээр байгаагийн шинж юм. Монгол хүн хүний түүхэнд өөр ямар ч үндэстний хүрч байгаагүй оргилд хүрч, хүний ухаан, эр зориг, биеийн чадлаар хүрсэн тэр оргилуудыг нь хүн төрөлхтөн шинжлэх ухааны үүднээс ч үлгэр домгийн аргаар ч тайлж чадахгүй итгэж ядан байгаа нь бидний олж авах ёстой өөрөө өөртөө итгэх итгэл, сэтгэлгээний эрх чөлөөний үндэс болох ёстой болов уу. Бид монгол хүний чадавхи дахин өөртөө болон бусдад батлах тэр цаг ирсэн.
Улс орныхоо дотор ч бид идэвхтэй ХҮН байж, хэн нэгэн дарга, түшмэлд даатгах биш харин ч өөрөө өөрийнхөө амьдрал, хувь заяаны алхам бүрийн төлөө идэвхтэй тэмцэж эрх үүрэг, хариуцлагаа үүрч хүн шиг амьдардаг болох цаг болсон. Хэн нэгнийг сонгож дарга болгочихоод түүнийгээ хянаж чадахаа больж үлгэрийн хаад шиг болгон толгой дээрээ гаргачихаад гасалж суух арчаагүй идэвхгүй байдлаасаа гарч хувь хүний амьдралаа ч, улс орныхоо хувь заяаг ч өөрсдийн эрх үүрэг, хариуцлагаа дааж шийдэж байя. Энэ л сэтгэлгээний эрх чөлөө буюу тусгаар тогтнолын хамгийн сүүлчийн, өөр хэн нэгэн гаднаас хүлээн зөвшөөрч өгдөггүй, ганц өдөр хувьсгал хийн байлдан бий болгож болдоггүй, 10-20 жил магадгүй хүний бүхэл бүтэн нэг үеийн хугацаанд өөрөө өөрөөсөө л олж бий болгож, хамгаалж эдэлж сурах ёстой хамгийн үнэтэй хэлбэр нь юм.
Сэтгэлгээний эрх чөлөө, сэтгэлгээний тусгаар тогтнолоо олж чадах эсэх нь бидний орших эс оршихын эцсийн шалгуур болно. Тэнгэр мэднэ.
Б.Болдсайхан эмч
2007 оны 1 дүгээр сар 24
ГУРАМСАН СҮЛЖЭЭ СУРГААЛЬ
Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав
Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав
Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав
Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав
Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав
Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав
Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав
Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав
Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав
Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав
ЭРЭВГЭР ДЭРЭВГЭР
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ
Аливаа Улс орон өөрсдийн бахархал, илэрхийлэл болсон Төрийн Дуулалтай байдаг.
Манай Улсын Төрийн Дуулалыг анх 1924 онд зохиосон юм. Цаг үеийн байдлыг дагаж, үндсэн аялгууг хэвээр хадгалан, харин үгийг хэд хэдэн удаа шинэчилсэн байна. Эндээс үзэл бодлын шуурга ямархуу хүчтэй болох нь илэрхийлэгдэнэ. Нэгэн аялгуунд шигтгэж өгсөн ТУСГААР ТОГТНОЛ, ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ-ыг илэрхийлсэн Төрийн Дуулал маань дараахь онуудад хамаарагдана. Эхнийх нь 1924-1950 он, хоёрдох нь 1950-1962 он, гуравдахь нь 1961-1991 он, 1991-2006 он, өнөөг хүртэл албан ёсоор дуулагдаж байна. 2006 оны 7-р сарын 11-нээс Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан ЭЗЭН ЧИНГИС ХААН-ыг магтан өөрчилсөн юм.Одоогийн Төрийн Дуулал
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
1991-2006 он
Дархан манай хувьсгалт улс
Даяар монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжин үүрд мөнxжинө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаараа
Хайрт Монгол орноо мандуулъя
Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаараа
Хайрт Монгол орноо мандуулъя
1961-1991 он
Урьдын бэрх дарлалыг устгаж
Ардын эрх жаргалыг тогтоож
Бүх нийтийн зоригийг илтгэсэн
Бүгд Найрамдах Улсаа байгуулсан
Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай
Ачит нам алсыг гийгүүлж
Хүчит түмэн улсыг хөгжүүлж
Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн
Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон
Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай
Зөвлөлт оронтой заяа холбож
Дэвшилт олонтой санаа нийлж
Хандах зүгийг бахтай барьсан
Мандах коммунизмыг цогтой зорьсон
Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай
Blog Archive
About Me
- CHULUUDAI
- Үг хэл чинь ариун бол Үзэл бодол чинь ариун Үзэл бодол чинь ариун бол Үндэс угсаа чинь ариун c_chuluudai@yahoo.com